Тэрэлжийн “ядуусын хороолол”

Нийслэл хотын хүн амын 70-80 хувь нь амарч, зугаалахаар амралтын өдрүүд буюу бямба, ням гарагт Тэрэлжийг зорьж, тус чиглэлийн автозамын ачаалал ихэсч, уртаас урт түгжрэл бий болдог.

Иргэд ийнхүү амарч, зугаалахаар явахдаа гаргадаг хамгийн том дутагдал нь хог хаягдал гэдгийг холбогдох байгууллагаас хэлж байна. Голын эрэг, зам дагуу гээд их хэмжээний болон хэсэг хогнууд хаа сайгүй. Нэн ялангуяа зуны улиралд амарч, зугаалж байгаа иргэдийн хаях хог их бөгөөд долоо хоногт нэг удаа 40 тонны машинаар хог түүгээд ч дийлэхгүй байгаагаа Нийслэлийн Налайх дүүрэг дэх Засаг дарга Ч.Раднаабазар ярьж байв.



Хогны асуудалд анхаарлаа хандуулах нь чухал байгаа учраас Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, Zero waste club, Монголын аялал жуулчлалын холбоо, JCI конгресс, “Join me” аялал, амралтын хөтөч, Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо, Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар зэрэг 50 гаруй төрийн болон, төрийн бус байгууллагууд хамтран “ХОГГҮЙ АЯЛАЛ ГОЁ” аяныг зохион байгуулж байгаа талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын Маркетинг, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Цэвэлдэлгэр ярьлаа. Тус аяныг 2020.06.25-2020.09.25 хүртлэх хугацаанд зохион байгуулах бөгөөд аяны хүрээнд Горхи Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаагаа явуулдаг иргэд, аж ахуй нэгжүүдэд сурталчилгааны материал, уриалга тарааж, аяныг таниулах, ухуулах арга хэмжээг 2020.07.07-ны өдөр зохион байгууллаа.



Тус ажлын хажуугаар Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийсэн нь анхаарлыг татаж байв. Учир нь хууль, хяналтын байгууллагын анхаарлын төвд байдаг хэрэг, зөрчил их гардаг гэгддэг үерийн аюултай бүсд ордог тул үйл ажиллагаа эрхлэх бүү хэл амьдрах ч зөвшөөрөл олгохооргүй “Шугуйн” амралтын газарт очив. Очиход битүү модоор хүрээлэгдсэн нь тайга мэт харагдавч машинаас буух үед байдал өөрчлөгдсөн юм. Тус газар 60-70 орчим иргэд гэр амралтын газрыг ямар нэгэн зөвшөөрөлгүй ажлуулдаг. Эдгээр 60-70 орчим гэр амралтын газрыг ихэнхдээ хувь иргэн ажлуулдаг бол хоёроос гуравхан нь хуулийн этгээд байдаг байна.



Хуулийн дагуу зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхэлдэггүй эдгээр иргэд “амьдрах гэж зүдэрч байна. Ядарсан биднийг л торгохоос бусдыг нь та нар чадахгүй шүү дээ” гэх нөгөө л нэг “арчаагүй” үгээр ам тахалж, цааш эргээд тухайн газарт амархаар очсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж байв.

Уг нь модны шугуйнд амар амгалан орших мэт санагдавч тэнд бохир, заваан ноёлож байв. Ойрхон ойрхон байрлах ухсан нүхэн жорлонд ялаа буцалж, тухайн нүхэн жорлонд орвол барьж идэхэд бэлэн байгаа мэт дүнгэнэн шуугиж, сар хийтэл нисцгээнэ. Ер нь ойр ойрхон байрлах нүхэн жорлон, хогийн цэгээс шалтгаалаад тэндхийн ялаа нүд, ам, хамар, чих гээд онгорхой нүх бүхэн рүү шургалан орох гэж байгаа мэт хаа сайгүй дүнгэнэж, энд тэндгүй ниснэ. Үүн дээр нэмээд модтой газар байж болох шавьж, амьтад хазах нь хазаж, хазахгүй нь ялаатай хоршин хаа сайгүй нисч тавгүйтүүлэх нь амрах тухай бодлыг мартуулж, тухгүй байдлыг төрүүлж байв.  





Цагдаагийн байгууллага, Мэргэжлийн хяналтын байгууллагаас тухайн иргэдэд хуулийн этгээд болох, нүхэн жорлонгоо өөрчлөх, камержуулах зэргээр наад захын шаардлагыг хангахыг бараг л гуйх шахуу тайлбарлана. Харин тэд “эд нар ингэж л байдаг юм. Ингэсгээд аргалаад явуулчихъя” гэсэн тийм л нэг тоомжиргүй сэтгэлээр хуулийн байгууллагын шаардлагыг хүлээж авч байв. Ингэх нь нэг талаараа арга ч үгүй юм. Хуулийн байгууллагын зохих шаардлагыг биелүүлээгүйн төлөө тэд сардаа нэг удаа Зөрчлийн тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн гэх үндэслэлээр 20 мянган төгрөгөөр торгуулдаг. Тэрийгээ нэг иргэн дангаараа ч төлөхгүй. Хоёр, гурвуулаа нийлээд 7000, 7000, 6000 төгрөг гээд хуваагаад төлчихөнө. Гэхдээ торгуулиа төлөхдөө ихэд дурамжхан “Өмнөх сард бас торгуулаа биз дээ” гэж гоморхоно.
Энд гэр буудал ажлуулж байгаа иргэд аль хэзээний хуулийн цоорхойг овжин ашиглаад, аргалаад сурчихсан гэмээр цаанаа л нэг сэтгэлгүй байдал ажиглагдаж байв. Тэд гэрээ хоногийн 60-100 мянган төгрөгөөр амрахаар очсон иргэдэд үйлчилдэг. Дундаж үнэ нь 80 мянган төгрөг байдаг бололтой. Хэдээр хонуулдаг вэ гэх асуултанд тэд ид гээд шуудхан хариулчих хүн ч ховор юм. “Тэгэсхийгээд л хэдэн төгрөгөөр хонуулна дөө” гэх зэргээр асуултаас бултаад сурчихсан.



Хуулийн байгууллагын ажилчид тэдгээр 60-70 айл өрхийн амьдрал амьжиргааг тасалчихгүй юмсан гэсэн сэтгэлээр хандаж “Торгоод л өнгөрдөг дөө” гэж хариулж байв.



Гэтэл тэнд амархаар ирсэн иргэдийн эрүүл мэнд цаашлаад амь насыг яах вэ?

Гэр бүлээрээ амархаар ирвэл хүүхэд хамгийн түрүүнд эрсдэлд орох орчин бүрдүүлсэн тэр газрын эзэд өнөөдөр мөнгө олж байвал гэсэн хандлагатайг илтгэх мэт. Хүүхдийн тоглоомыг гар доорх материалаар хийсэн бололтой.


 Хэдий гар доорх материалыг ашиглах нь сайн ч урт, урт хадаас, нүдээ сохолж, хөл, гараа хүнд гэмтээмээр төмөрнүүдийг халхалж, дарах сэтгэл даанч алга. Хоноглох гэрийн ариун цэврийн тухайд тэнд амарсан иргэд элдэв халдварт өвчин тусаагүй л байгаасай гэж бодож явав.



Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтанзул “Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй иргэд 3-5 гэр бариад 8-10 жил үйл ажиллагаа явуулсан байгаа юм.  Тэдгээр иргэд эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангахгүй ойр ойрхон нүхэн жорлон ухаж түүндээ дасал болсон байна. Тиймээс цаашид хуулийн байгууллагаас холбогдох хяналт шалгалтыг тогтмол хийж, Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчилтэй газруудыг хаах нь зүйтэй” гэв.



Ийнхүү хог, ялаа хоёроор дүүрсэн “Шугуйн” амралтын газрын ихэнх гэрүүд камержуулалтгүй байдаг тул Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчид амралтын өдрүүдэд нэмэлтээр эргүүлд гарч, тус газарт амарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангахын төлөө үүрэг гүйцэтгэдэг байна. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлдэг иргэд үйлчилгээгээ явуулж мөнгөө олоод харин үйчлүүлэгчдийн аюулгүй байдлыг төрийн байгууллага хангаад ч байх шиг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд тус газарт хулгайлах гэмт хэрэг хоёр, хүний эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах гэмт хэрэг нэг бүртгэгдсэн байна.
Кинон дээр гардаг ядуусын хороолол шиг бохир, таагүй орчинтой тус амралтын газрыг бүрэн камержуулж, нүхэн жорлонг сольж, гэрүүдэд стандарт тогтоож үйл ажиллагааг жигдрүүлэх ажлыг шахаж, шаардаж хийлгэхгүй бол гэмт хэрэг, халдварт өвчин гарсаны дараа “амаа барьж” хаах, зогсоох дээрээ тулах вий. Мөн тухайн газар өөрчлөгдөж, иргэдийн тав тухыг хангах тал дээр анхаарч ажиллахгүй бол зах зээлийн өрсөлдөөний жамаар “Шугуйн” амралт эзгүйрэн үлдэх нь цаг хугацааны асуудал болоод байна.

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй