Эрүүл мэндийн сайдаар нэрийг нь танилцуулсан Т.Мөнхсайхан гэж хэн бэ?

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өчигдөр хуралдан Засгийн газрын гишүүдийг баталсан билээ. 

Удирдах зөвлөлийн хурлаас Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын нэрийг баталсан ч Ерөнхий сайд УИХ-д Засгийн газрын гишүүдийг танилцуулдаа Т.Мөнхсайханыг танилцуулав. 

Т.Мөнхсайхан нь Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор юм. 

Тэгвэл ЭМЯ-ны сайдаар нэрийг нь танилцуулсан Т.Мөнхсайхан гэж хэн бэ?

Тогтмолын Мөнхсайхан нь 1983 онд төрсөн, 2006 онд АШУИС-ийг их эмчээр төгсч, улмаар 2006 оноос ГССҮТ-д гэмтэл согог судлалын их эмчээр ажиллаж байгаад 2016 онд ГССҮТ-ийн ерөнхий захиралаар, 2019 оны долдугаар сараас УНТЭ-ийн ерөнхий захиралаар тус тус томилогдон ажиллаж байна. Тэрээр Үений дурангийн Нийгэмлэгийн захирал,  Монголын түлэнхийн сангийн тэргүүн,  Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэдэг.

Т.Мөнхсайхан нь 2006-2019 онд ГССҮТ-д ажиллаж байх хугацаандаа Монголд анх удаагаа үений дурангийн мэс засал, Хагас хиймэл үеийг солих мэс засал, Мөрний дурангийн мэс засал болон шөрмөс шилжүүлэн суулгах мэс заслуудыг тус тус нэвтрүүлэн нутагшуулсан гэгддэг. Тэрээр Монголын түлэнхийн санг байгуулснаар жилдээ 0-5 насны 60 орчим хүүхэд түлэгдэлтээс болж нас бардаг байсныг 90 хувиар бууруулж, төлбөрийн боломжгүй бага насны хүүхдүүдийн зардлыг тус сангаасаа гарган эмчилдэг байна.  Жилдээ нэг ангийн хүүхдүүдтэй дүйцэхүйц бага насны хүүхдүүдийн амь насыг аварч, эндэгдлийг бууруулж чадсан түүний гавьяаг төрөөс үнэлэн алтан гадас одонгоор шагнаж байв.

Түүний хувьд УНТЭ-ийн ерөнхий захиралаар  ажиллаж буй жил ормын хугацаанд хоёр Монголд анх удаагаа хоёр талт буюу амбулаторийн эмийн сан, цогц үзлэг, оношилгооны “Эрүүл мэндийг дэмжих төв”, эмчилгээний 10 орчим шинэ технологи, инновацийг нэвтрүүлж, 20 орчим эмчилгээ, үйлчилгээний томоохон дэвшилтүүдийг хийж, хэрэгжүүлжээ.

Т.Мөнхсайхан 14 жилийн хугацаанд 2000 гаруй өвчтөнд өвдөгний үений дурангийн мэс засал, хагас хиймэл үе солих мэс заслуудыг хийсэн хэмээн үнэлэгдэж шилдэг мэс засалчаар шалгарч байв. Т.Мөнхсайхан улсын эмнэлгийг олон улсын жишгээр хөгжүүлэх хэд хэдэн бодит алхамуудыг хийж эхэлсэн гэгдэж буй. Тухайлбал  ГССҮТ-д эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи, эмчилгээг нэвтрүүлж, хэд хэдэн мэс заслуудыг шинээр хийх боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн УНТЭ дээр хагас бие даасан байдлыг цогц утгаар нь хөгжүүлэх, дан ганц улсын төсвөөр биш эмнэлэг өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой гэдгийг цогцоор нь харуулахыг зорьж буй аж.  Тэрээр тусгай мэргэжлийн гэгдэх ГССҮТ,  улсдаа хамгийн томдоо орох нэгдсэн эмнэлгийг амжилттай удирдаж буй залуу удирдлага хэмээн салбартаа зүй ёсоор үнэлэгдээд буй.


0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй