Ш.ГАН-ЭРДЭНЭ: Хаягдал аккумляторыг дахин боловсруулах өндөр технологи бүхий үйлдвэр барих зайлшгүй шаардлагатай байна

Манай улсад байгаль орчинд хор нөлөөгүй өндөр технологи бүхий хаягдал аккумлятор дахин боловсруулах үйлдвэрүүдийг төр засгаас бодлогоор дэмжих, шинээр байгуулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Иргэд тэр дундаа малчид аккумляторт агуулагддаг хар тугалгад ихээр хордох явдал гарч байгаа. Бид ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, хор судлалын лабораторийн эрхлэгч Ш.Ган-Эрдэнэтэй энэ талаар ярилцсан юм.

Манай улсад аккумляторыг ихээр хэрэглэдэг. Жилд хэчнээн аккумлякторын хаягдал гарч байгаа вэ?

Зам тээврийн яамнаас гаргасан судалгаагаар 2019 оны сүүлийн байдлаар ойролцоогоор 1.1 сая орчим тээврийн хэрэгсэл тоологдсон байна. Эдгээр тээврийн хэрэгсэл болон олон тооны мотоцикл, 170 мянга гаруй малчин өрхийн нарны зайн үүсгүүрүүд бүгд аккумлятороор ажиллаж байна. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Гурваас дөрвөн жилд аккумляторын ашиглалтын хугацаа дуусч хаягдал аккумлятор болно. Тэгэхээр жилд ойролцоогоор 300-400 мянган ширхэг орчим аккумлятор хаягдал болон гарч байна.

Аккумляторт хичнээн төрлийн химийн бодис агуулагддаг вэ?

Химийн урвалын үр дүнд цахилгаан цэнэг үүсгэх бөгөөд химийн урвал нь хар тугалга болон хүхрийн хүчлийн орчинд явагдана. Аккумлятор, зайны дотор талд хар тугалга, хар тугалганы сульфат, мөнгөн ус, мешьяк, кадми зэрэг арав гаруй химийн бодис болон хар тугалганы исэл, хvхрийн хvчлийн уусмал бий. Суудлын машины буюу 60 ампер цагийн багтаамжтай аккумляторт 10 кг орчим хар тугалга, 1.5-2.5 литр хvхрийн хvчил байдаг. Аккумляторын багтаамж ихсэх тутам агуулагдах хар тугалга болон хүхрийн хүчлийн жин нэмэгдэнэ. Аккумлятор нь хар тугалга 64 хувь, хүхрийн хүчил 28 хувь, полипропилен 5 хувь зэргээс бүрдэнэ.

Хаягдал аккумляторыг буцааж тушааж болох уу?

Дэлхийн аж үйлдвэржсэн орнууд болох АНУ, Япон, Хятад мөн Европын холбооны  орнууд хар тугалган аккумляторыг дахин ашиглах технологийг маш ихээр ашиглаж байна. Хар тугалган аккумуляторыг дахин ашигласнаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, бизнесийн хувьд ашигтай байдаг.

Манай улсын хувьд импортын орон учраас буцааж тушаахад зайлшгүй экспортлох шаардлагатай болно. Хар тугалган аккумлятор нь аюултай хог хаягдлын тоонд ордог. Манай улс Швейцарь  улсын Базель хотноо 1989 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан "Аюултай хог хаягдлыг хил дамжуулан тээвэрлэх, зайлуулахад хяналт тавих тухай Базелийн конвенц"-д 1997 онд нэгдэн орсон бөгөөд тус конвенцод нэгдэн орсон улс орнууд аюултай хог хаягдлын хэмжээг аль болох багасгах, байгаль орчинд халгүйгээр устгах, зайлуулах эсвэл дахин боловсруулах, ашиглах зэрэг үүргийг хүлээсэн. Иймд бид жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа хар тугалган аккумляторын хаягдлыг байгальд хор хөнөөл багатай технологиор дахин боловсруулж устгах шаардлагатай юм. Аккумляторыг дахин боловсруулж 90 хувийг бүтээгдэхүүн болгон буцаан ашиглах боломжтой.

Аккумляторыг дахин ашиглахгүй ил задгай хаяснаар үүсэх хор хөнөөл нь юу вэ?

Хар тугалган аккумуляторыг дахин ашиглахгүй байснаар маш их хэмжээний хар тугалга хүрээлэн буй орчинд хаягдаж байгалийн задралаар тоосонцор нь хүн, амьтны амьсгал, хөрс, усаар дамжин амьд бие организмыг асар хүчтэй хордуулдаг. Энэхүү бохирдолд хамгийн их нэрвэгддэг нь хүүхдүүд бөгөөд тэдний амьсгалын түвшин насанд хүрэгчдээс харьцангуй доор байрладаг өөрөөр хэлбэл хар тугалга мэтийн хүнд металл агаарт 1.2 метрээс доош түвшинд өндөр агуулагддаг учир хүүхдүүд хордох гол шалтгаан болдог. Хар тугалга нь амьсгал, хоол боловсруулах зам, арьсаар хүний биед нэвтэрснээр цусанд орж 95 хувь нь цусны улаан эсэд, үлдсэн нь ийлдсэнд наалдсан байдаг. Цусаар хүний биед тархаж, төв болон захын мэдрэл, зүрх судас, бөөр, нөхөн үржихүй, булчин, цус болон бусад эрхтэн тогтолцоонд тархдаг. Амьд бие организмын төв мэдрэлийн систем гэмтээх, бөөрний үйл ажиллагаа, зүрх судасны үйл ажиллагаа, нөхөн үржихүйн үйл ажиллагаанд маш хортойгоор нөлөөлдөг байна. Хорт хавдар үүсгэдэг. Нярай, бага насны хvvхдийн тархины хөгжлийг сааруулж, оюун ухааныг доройтуулна. Агаар, ус, хүнсний зүйлд шингэсэн хар тугалга хvний амьсгалын эрхтэн, арьс cалстаар дамжин хордуулдгийг эрдэмтэд нотолсон байдаг. Хүхрийн хүчлийн уураар амьсгалах нь эд эсийн салст бүрхүүл болон амьсгалын замын эрхтнүүдийг хүчтэйгээр гэмтээнэ. Хордлогын шинж тэмдгүүд нь хамар, улаан хоолойг хүчтэй цочроох, амьсгал хүндрэх зэрэг байдлуудаар илрэх бөгөөд уушгийг ихээр гэмтээнэ. Залгих тохиолдолд ам, улаан хоолой, гэдэс дотрыг маш хүчтэй түлж үхэлд хүргэнэ. Улаан хоолойг шархлуулж, бөөлжүүлэх, гэдэс гүүлгүүлэх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Зүрх, судасны үйл ажиллагаа доголдож зүрхний цохилт хурдсах, хүч тамир барагдах, амьсгал өнгөцхөн болох, шээс хаагдах зэрэг байдлууд тохиолдоно.

Хар тугалгад хордсон үед ямар шинж тэмдэг илэрч болох вэ. Хорт чанар нь?

Хар тугалганы нөлөөллийн улмаас эхэн үед бие сулрах, амархан ядрах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, нойр хямрах болон захын мэдрэлийн тогтолцоо гэмтсэнээр хөдөлгөөн алдагдах, үнэрлэх, амтлах мэдрэхүй буурах, анхаарал төвлөрөлт, ой тогтоолт муудах, сонсгол сулрах шинжээр илэрч, цусан дахь хар тугалганы хэмжээ ихсэх тусам бусад эрхтний гэмтэл нэмэгдэн, цус задралын цус багадалт, бөөрний эмгэг үүсэхээс гадна мэдрэлийн талын бусад эмгэг өөрчлөлтүүд гарна. Хар тугалганы хорт нөлөөлөлд хүүхэд, эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг. Ялангуяа хүүхдийн биед илүү хурдан шимэгдэж сэтгэн бодох чадварт нь нөлөөлдөг. Мөн би түрүүн хэлсэн хорт хавдар үүснэ.

Аккумляторын шингэнийг хөрсөнд асгаад хар тугалгыг нь гадагш нь гаргадаг гэж сонссон. Аккумляторыг дахин боловсруулах үйлдвэр манай улсад байгаа юу?

Хэд хэдэн үйлдвэрүүд ажиллаж байсан. Одоогоор МХЕГ-аас энэ төрлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Хар тугалган аккумляторыг дахин боловсруулдаг “Заламт гол” ХХК-ний үйлдвэр 2015 оноос ажилласан. Баянзүрхийн дүүргийн Хонхорт байрлах энэхүү үйлдвэр нийт 6000 тонн аккумляторыг боловсруулж, 600 тонн хүхрийн хүчлийг катодын зэсийн үйлдвэрт нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний хар тугалга, хүхрийн хүчил байгальд хаягдаагүй гэсэн үг л дээ. Одоо энэ үйлдвэрийн үйл ажиллагааг дахин сэргээх, технологийн чанарыг сайжруулах, энэ төрлийн сайн чанарын технологи бүхий үйлдвэр байгуулах шаардлага өнөөгийн нөхцөлд байгаа. Учир нь таны хэлснээр хар тугалган аккумляторын шингэнийг хөрсөнд асгаж, хар тугалгыг гадагш гаргадаг “хулгайн” жижиг үйлдвэрүүд мэр сэр байгаад байгаа. Энэ нь БОАЖЯ, Мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох төр засгийн байгууллагаас бодлогоор дэмжин цогцоор шийдэх асуудал байна. Тухайлбал, хар тугалган аккумляторыг хөдөө орон нутаг болон тухайн нэгж бүрд түүнийг тушаах төвлөрсөн цэгүүдийг байгуулж, дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг байх. Үйлдвэрүүд маань түүхий эдээр тасрахгүй байх ёстой шүү дээ. 2017-2018 онуудад хар тугалган аккумляторыг хөдөө орон нутгийнхан түүхий эд тушаах цэгүүдээр дамжуулан тушааж, “Заламт гол” ХХК дахин боловсруулдаг байсан бол одоо буцаад л нөгөө гуу жалгандаа хаях нөхцөл байдал дахин үүсч байна.

Аккумляторын хор хөнөөлийн талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд хийгдсэн судалгаа байдаг уу, байдаг бол судалгааныхаа талаар ярина уу?

2017 онд манай байгууллагаас “Заламт гол” ХХК-ний аккумлятор дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг зарим хүмүүсийн цусанд хар тугалганы шинжилгээ хийж үзэхэд стандартын үзүүлэлтээс давсан үзүүлэлттэй гарч байсан.  Энэ онд манай байгууллагаас “Да хүрээ” захын хар тугалган аккумлятор цэнэглэдэг зарим хүмүүсээс цусны шинжилгээ авч шинжилсэн. Зарим хүн хар тугалганд өртсөн байдалтай үр дүн гараад байна. Мөн эдгээр үйл ажиллагаа явуулдаг газартай ойрхон амьдардаг айл өрхийн хүүхдийн цусанд хар тугалгын шинжилгээ авахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж тохироод байгаа. Харин Японы Мияазакигийн их сургуулийн эрдэмтэд 2014 оноос хойш Хонхор орчмын хөрс, малын цусанд дээж авч судалгаа хийж үзэхэд хөрсний хар тугалгын агууламж стандартад байх үзүүлэлтээс 10-100 дахин их, малын цусанд мөн өндөр гарсан судалгаа хийгдсэн юм байна. Үүнээс дүгнэхэд Хонхрын аккумлятор дахин боловсруулах үйлдвэр орчим амьдардаг айл өрхийн хүмүүс хөрс, ус, малын сүү зэргээр дамжуулан хордлогод өртсөн байх магадлал байгаа.

Аккумляторыг задалж ундны усны эх үүсвэртэй газар булж байна гэх. Энэ байгаль орчинд хэр хор хөнөөлтэй вэ?

Хүхрийн хүчил нь онцгой идэмхий бодис бөгөөд хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд асар хортой бодис юм. Хөрсөнд шингэсэн хүхрийн хүчил ундны усны эх үүсвэртэй холбогдож үүгээр хүн, амьтан ундаалж, хөрсөнд их хэмжээний бохирдол үүсгэнэ. Иймд энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсоох шаардлагатай байна. Үүнийг далимдуулан хэлэхэд хөдөө орон нутгийнхан хаягдал аккумляторыг гуу жалганд хаяж байна. Мөн зарим нь гэртээ хадгалж, тэр бүү хэл зэрэгцүүлж тавиад ширээ сандал хийж байгаа тохиолдол ч байна. Ард иргэдэд сануулахад үүнээс хортой бодис уурших байдлаар ялгарч таны болон таны хүүхдүүд хар тугалга, хүхрийн хүчилд хордох аюултай гэдгийг зориуд анхааруулмаар байна. Үүнээс сэргийлж ахуйн орчноос тусгаарлаж, хаягдал тушаах цэгүүдэд өгөх шаардлага зүй ёсоор гарч байна.

Хаягдал аккумлятороос ялган авдаг хуванцар юунд ашиглагддаг вэ?

Үүнээс полипропилен ялгана. Ангилагдсан хуванцрыг угааж хатаан хайлмал төлөвт оруулж, хуванцар үрэл болгон үйлдвэрлэдэг. Эдгээр хуванцар үрлээр хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно. Монгол улсад “Цэцүүх трейд” ХХК нь хаягдал аккумляторын хуванцрыг дахин боловсруулж, хуванцар үрэл үйлдвэрлэж байна.

Ярилцсанд баярлалаа

1 СЭТГЭГДЭЛ
Билэгбаяр

2020-07-16

Сайхан ярилцлага болжээ. Ган-Эрдэнэдээ баяр хүргэж амжилт хүсье!


Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй