БНСУ-д 49 тохиолдол бүртгэгджээ

БНСУ-ын нийслэл Сөүл хотын бүсэд коронавирусний халдвар сүмд голомтлон тархсаны улмаас өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо дахин нэмэгджээ.

Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, мягмар гарагт халдварын 49 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр нийт халдвар авсан хүний тоо 11590-д хүрчээ. Халдварын шинэ тохиолдлуудын 46 нь дотоодод халдварласан байна.

50 сая хүн амтай БНСУ-ын иргэдийн тэн хагас нь оршин суудаг, хүн ам шигүү суурьшсан Сөүл хотын бүсэд халдварын ганцхан тохиолдлоос ч “COVID-19”-ийн шинэ давлагаа гарч болзошгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулжээ. 

“Энэ долоо хоногийн амралтын өдрүүд хүртэл олон нийтийн цуглаан, үйл ажиллагаанд оролцохгүй байж, зоогийн газар, интернэт кафегээр үйлчлүүлэхгүй байхыг бид Сөүл хотын бүсийн оршин суугчдад уриалж байна” гэж Эрүүл мэндийн Дэд сайд Ким Ганлип мэдэгджээ.

Өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо өсөж, буурч байсан БНСУ-д өнгөрсөн долоо хоногт нэг хоногийн дотор 75 тохиолдол бүртгэгдсэн нь сүүлийн хоёр сард илэрсэн хамгийн өндөр үзүүлэлт болсноос хойш буурч байсан юм.

Халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд 40-өөс буурчээ. Харин Сөүл болон тус хотын эргэн тойрны бүсэд сүмтэй холбоотой халдварын голомт үүссэнд эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд ихэд санаа зовниж байна.

БНСУ-д тавдугаар сарын эхэн үеэс зайнаас харилцах удирдамжийг сулруулснаас хойш сүмтэй холбоотой халдварын 100 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь Сөүл хотын бүсэд илэрчээ.

Мягмар гарагт Инчеон хот, Гёнги мужийн 23 жижиг сүмтэй холбоотой халдварын тохиолдлын тоо 45-д хүрсэн нь өмнөх өдрийнхөөс 22-оор нэмэгджээ. Уг голомттой холбоотой халдварын анхны тохиолдол өнгөрсөн ням гарагт бүртгэгдсэн байна.

“Халдварын тархалтыг зургадугаар сарын 14 гэхэд хяналтад авч чадаагүй тохиолдолд орон даяар зайнаас харилцах хатуу дүрмийг дахин баримталж эхэлнэ” гэж БНСУ-ын Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдэгджээ.

НСУ-д зугадугаар сарын 02-ны байдлаар халдвар авсан 10467 хүн эдгэрсэн бол 273 хүн нас баржээ. Мөн халдварын 1269 тохиолдол зөөвөрлөгдөн иржээ. Тус улсад өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 956852 хүнд коронавирусний шинжилгээ хийсэн байна. 

Эх сурвалж: yohapnews

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй