Д.ЭНХЖАРГАЛ: Монгол Улс албан ёсоор хар жагсаалтанд орчихсон юм биш орох өндөр эрсдэлтэй гэж үзэж байгаа

Хөгжлийн эдийн засагч, НАМЭХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхжаргалаас коронавирусний цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх нөлөө, цаг үеийн байдлын талаар мөн Монгол Улс саарал жагсаалтаас хар жагсаалт руу шилжсэн тухай Монгол банкны мэдэгдлийн талаар тодрууллаа.
Монгол Улс саарал жагсаалтаас хар жагсаалт руу шилжлээ гэсэн мэдэгдэл гарсан. Энэ нь иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ бол ташаа ойлголт. ФАТФ энэ байгууллага Монгол Улсыг саарал жагсаалтанд оруулсан. Сая хуралдах ёстой байтал коронавирусний цар тахлын улмаас хурал нь хойшилсон байгаа. Монгол Улс бол саарал жагсаалтаас гарах шаардлагатай бүх арга хэмжээнүүд чадавх, заавар журмуудыг бий болгосон байгаа. Тэр заавар журмууд нь үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн зуучлагч, үнэт зүйлс эрдэнэсийн зүйл худалдаалдаг арилжаа хийдэг хүмүүс, нотариат зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд ихээхэн хэмжээний бэлэн мөнгө, худалдах, худалдан авах арилжаа хийхдээ эх үүсвэр нь хаанаас гарал үүсэлтэй вэ гэдгээ санхүүгийн зохицуулах хорооноос хянаж байхаар журмууд амьдрал дээр хэрэгжиж байна уу гаргасан хууль журам, дүрмээ яг мөрдөж ажиллаж байгаа эсэх, журмыг зөрчсөн хүмүүс дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ зэргийг газар дээр нь шалгая гэж байгаа. Тэгэхээр одоо түр хойшлогдчихсон байдалтай байна. Манайхыг энэ үзүүлэлтээрээ бие даасан, хараат бус мэргэжилтэнгүүд нь ирээд шалгаад тогтоогоод “сайн байна” гээд хэлбэл бид саарал жагсаалтаас гарна. Үгүй гэвэл саарал жагсаалтдаа үлдэнэ. Европын холбооныхон бол энэ саарал жагсаалтын талаар өөрсдийн гэсэн журамтай. Тэр нь 2016, 2017, 2018 онд ямар бүртгэлтэй байсан тэр журмаа барьж байгаа. Гэтэл ФАТФ-ын гаргаж байгаа энэ жагсаалт нь 2019 онд гаргасан хүснэгттэй зөрчилдөж байгаа. Жишээ нь ФАТФ бол манай Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан байхад, Европын холбооны жагсаалтад Монгол Улс байхгүй байх жишээтэй байдаг. Энэ мэтчилэн зөрчилдөөд эхэлсэн учраас европын холбооныхон европын гишүүн  орнуудыхаа мөнгө угаах, терроризмтэй тэмцэх энэ ажлаа хоорондоо ижил нэг мөр болгож цэгцлэе гээд журам гаргасан. Гэхдээ энэ гаргаж байгаа  заавар журам нь дэлхийн хэмжээний ФАТФ гэдэг байгууллагын стандарт жишигтэй ижил байх ёстой гэдэг утгаар яригдаад ерөнхийдөө Монгол гэдэг улс бол тэр шинэ боловсруулсан заавар журмаар бол хар жагсаалт руу орох магадлал өндөртэй. Гэхдээ тэр жагсаалтыг европын парламент нь батлах ёстой. Европын парламент нь аравдугаар сард хуралдах гэж байгаа. Тэгэхээр орж болзошгүй гэж бид нар ярьж болно. Яг орчихсон асуудал өнөөдөр байхгүй байна.


Коронавирусний цар тахлын улмаас эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө хэр байх вэ?
Эдийн засгийн хувьд хүмүүсийн зан төлөв эдийн засгаа удирдах арга барил нь зарчмын өөр арга хэлбэртэй болно. Ганцхан Монголчуудын хувьд ч биш. Ер нь тив дэлхийн хэмжээнд нийтээрээ  томоохон өөрчлөлтөнд орно гэж үзэж байна. Коронавирусний сөрөг нөлөөлөл ганц Монголд биш дэлхийн хэмжээнд байгаа. ОУВС дэлхийн эдийн засгийн хөгжлийг гурван хувиар агшина. Цар тахлын өмнө дэлхийн эдийн засаг  гурван хувиар өснө гэж байсан боловч өвчлөл гарч эсрэгээрээ агших болчихоод байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгийн өсөлт явагдахгүй гэсэн үг. Арай хасах руугаа орохгүй шинжтэй байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа 5-6 хувийн өсөлттэй болгоно гэж төлөвлөсөн. Гэтэл эдийн засгийн гол өсөлтийг хийдэг манай зэс, нүүрс, ноолуурын экспортод гаргах байдал хэмжээ нь хязгаарлагдмал байдалтай боллоо. Тэгэхээр энэ байдлаас бид нар дүгнэлт хийхэд бүтэн хоёр сар нь тасалдчихсан. Бид 12 сар гэж бодох юм бол хоёр сар нь тасалдана гэдэг ийм хэмжээгээр манай эдийн засаг агшиж байгаа хэрэг.

Иргэд, ААН-үүд эдийн засгийн хямралаас хэрхэн сэргийлэх, даван туулах вэ?
Хэдийгээр эдийн засаг агшилтанд орж муудаж байгаа ч гэсэн бид нар хаалттай, цар хүрээ хязгаарлагдмал энэ үйл ажиллагааг яаж ашигтай, хохирол багатай даван туулах вэ гэдэг боломжийг хэрхэн харах вэ гэдэг нь их чухал байна. Нэгдүгээрт иргэд, ААН, байгууллага, улс маань эрсдэлийн удирдлагатай, эрсдэлээ хянаж, тооцож, тодорхойлж хэмжээг тооцоод эрсдэлээ бууруулах, арилгах арга хэмжээний тогтолцоотой байвал бид эрсдэлийг давж гарна. Хоёрдугаарт хэн эрсдэлийг давж чадаж байна вэ гэвэл өөрсдөө ямар нэг хэмжээгээр хуримтлал, хадгаламжтай иргэн, ААН, улс л өнөөдөр эрсдэлийг сайн давж чадаж байна.
Covid-19 өвчлөлийн дараа эдийн засаг хэрхэн өөрчлөгдөх вэ?

Монгол Улсын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд эдийн засгийнхаа суурийг бат бэх болгох, гадаад өрүүдээ аль болох багасгах, төсвийн алдагдлыг бууруулах зэрэг зохистой арга хэмжээ авч явуулж байсан. Мөн “Ирээдүйн өв сан”-нд 700-800 сая ам.доллартай тэнцэхүйц, тэрбум төгрөгтэй тэнцэхүйц, вальютын нөөц 4 тэрбум ам.доллартай сан бүрдүүлсэн. Энэ бүгд нь хямралыг давж гарахад ямар ч байсан эхний хугацаанд нэмэртэй болох нь гэдгийг харуулж байгаа юм. Гэвч бид гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт эрүүл мэндийн салбарт илүү анхаарал тавьж байна. Иргэдийн дунд халдвар тархахгүй байхад тэргүүн ээлжинд анхаарал тавьж, хөрөнгө гаргаж байна. Хоёрдугаарт бид ажлын байрыг авч үлдэх, орлогыг хамгаалах. Гуравдугаарт эдийн засгаа тасралтгүй үргэлжлүүлэх ямар гарц боломж байна гэдэг дээр гурван талт арга хэмжээ, хоёр багц нийтдээ таван их наядын хөрөнгө зарцуулахаар байна. Тэгтэл энэ бүх цаг үеийн байдлаас харахад мэдээж татварын орлого тасалдаж эхэлсэн. Энэ хэмжээгээр төсвийн орлого багасч байна. Төсөв алдагдалтай, гадаад худалдааны вальютын орох урсгал багасчихлаа. Зэс, ноолуур, нүүрсний гадаадаас орж ирэх экспортын орлого багасчихлаа. За дээр нь аялал жуулчлалаас овоо мөнгө ордог байсан. Гадаадын аялал жуулчлал зогсонги байдалд байна. Дараагийн нэг асуудал гадаадаас хөрөнгө оруулалт орж ирэх. Бид гадаадын улсаас хөрөнгө оруулалт авч байж эдийн засгаа өргөжүүлдэг. Тэгэхээр орох урсгалууд бүгд багассанаас болоод гадаад худалдааны тэнцвэртэй байдал илүү алдагдаж байна. Гадаад төлбөр тооцооны төлбөрийн тэнцэл бас алдагдалтай. Ийм гурвалсан алдагдалтай байдалд орсон. Ийм учраас олон улсын хөрөнгө оруулалтын зэрэглэл тогтоодог байгууллагаас манай үйл ажиллагааг тогтвортой биш сөрөг байдалд орлоо гэдгийг хэлсэн байгаа. Тийм учраас бид бүгд ийм хүнд нөхцөлд байгаа гэдгээ ойлгоод зардлуудаа хэмнэж, тэвчих хэрэгтэй болж байна. Тэр хэмнэсэн зардлаараа өнөөдөр бид иргэдээ эрүүл байлгах, ААН байгууллагуудыг тасралтгүй ажиллуулах аажмаар үйл ажиллагааг нь сэргээх алхамуудыг хийх ёстой. Гэхдээ гадаад орнуудын байдлыг харахад давалгаа маань нэгдүгээр, хоёрдугаар давалгаа гэж гарч ирж байна. Яагаад хоёрдугаар давалгаа үүсч байгаа вэ гэвэл цаг нь болоогүй бэлтгэлээ сайн хангаагүй байхад цар тахлын хоригийг хэт эрт нээснээс болоод хоёр дахь давалгаа үүсээд байна. Манай иргэд өнөөдрийг хүртэл маш хариуцлагатай, тэвчээртэй  Засгийн газар, ЭМЯ, онцгой байдлын ерөнхий газруудаас өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлж байгаа учраас коронавирусээр нас барсан тохиолдол гараагүй таван улсын нэгэнд нь үлдчихсэн байна.  Жишээ нь Англи улс таван үе шаттай хоригоос гарах төлөвлөгөө зохиосон. Түүнтэй адил өнөөдөр манай Засгийн газар энэ цар тахлын хоригуудаа үе шаттай нээх төлөвлөгөө хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр ярьсан миний хоёр багц төлөвлөгөө богино хугацааны хямралаас гарах арга хэмжээ юм. Гэтэл коронавирус байтугай, сонгууль ч болоод дуусна. Амьдрал үргэлжилнэ. Бид нар дунд хугацааны бөгөөд урт хугацааны бодлогын шийдлүүдээ гаргаж байх ёстой. Өнөөдөр бол парламент дээр “Алсын хараа 20:50” хэлэлцэж байна. Яг энийг хэлэлцэж байх үед коронавирусний хямралтай үе тохиолдсон учраас эхлэлийн гарааны үеэ арай шинэ нөхцөл байдалтай уялдуулж өөрчилж байгаа байх гэж найдаж байна. “Алсын хараа 20:50” маань коронавирусний ирэх нэг биш хоёр, гурван жилд нөлөөлөх нөлөөлөлийг огцом биш аажим аажмаар тарааж хийх шаардлагатай байна. Жишээ нь Англи улсыг авч үзэхэд ипотекийн зээлийн хугацааг хойшлуулж, үлдсэн моргейжийн хугацаанд хувааж өгч байна. Мөн мөнгө олгохдоо 25 мянган фаундаас доош орлоготой байвал дэмжиж өгөх үйл ажиллагаа явуулж байгаа. Түүнээс дээш орлоготой үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа иргэдэд энэ мөнгийг өгөхгүй байх жишээтэй. Тэгэхээр тэтгэвэр, тэтгэмжээ иргэдийн хариуцлага, ухамсар, сахилга баттай уялдуулж зохицуулалт хийвэл үр өгөөжтэй, ирээдүйтэй байх болов уу гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа

0 СЭТГЭГДЭЛ

Check.mn сайтад бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй