Дархан-Уул аймагт үйл ажиллагаагаа явуулдаг "Мах Сервис" ХХК-ийн буузнаас аалз гарч ирсэн талаарх мэдээллийг бид энд мэдээлсэн. Энэ мэдээллийг тухайн компани үгүйсгэж, сэрэмжлүүлэг оруулсан иргэнийг гүтгэж буй гэж мэдэгдсэн билээ.
Тэгвэл энэ асуудлаар бид асуудлыг анх дэлгэсэн иргэн М.Урантуяатай холбогдлоо.
Өмнөх өдөр яриад, маргааш нь очиход буузныхаа хаяг, шошгыг бүгдийг нь өөрчилсөн байсан.
Тэрбээр "Миний хувьд хотод байдаг. Манай ах Дарханд байдаг. Тухайн өдөр хэдэн байсныг санахгүй байна. Ах маань над руу залгаад буузнаас аалз гарч ирлээ гэсэн. Би мэргэжлийн хяналтдаа хэлээч ээ гээд орхичихсон юм. Тэр өдөр ах өөрөө ажил ихтэй байсан болохоор очиж уулзаж чадаагүй. Маргааш нь очиж уулзсан байсан. Тэгэхэд буузны хаяг, шошгоо бүгдийг нь өөрчилсөн байсан гэсэн. Өмнөх өдөр нь ярьсан чинь 2 кг буузныхаа мөнгийг ирээд аваарай гэхээр ах дургүйцээд, уурандаа нэг сая төгрөг өгөөрэй гэсэн юм билээ. Тэгээд эргээд яръя гэж салгаад, дахиж ахтай холбогдоогүй гэсэн.
Маргааш нь очиж уулзахад нохойдоо хаяад өгчих, 2 кг буузныхаа 30 мянган төгрөгийг ав гэсэн гэнэ лээ.
Мэргэжлийн хяналт руу залгахад "Та нар гүтгээд байгаа юм биш үү" гэж хэлээд салгасан. Дахиж утсаа аваагүй. Өчигдөр ах маань Дарханаас ирээд бүгдийг нь сонсоод, миний уур хүрээд анхааруулах үүднээс пост бичсэн юм" хэмээлээ.
Бид хүнийг гүтгэж, мөнгө нэхэх цагаандаа гарсан хүмүүс биш.
Түүний ах М.Отгонбаяр "Бид тавдугаар сарын 24-нд хүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэх гээд их ажилтай байсан учраас яараад Дархан-Уул аймгийн Хуучин биржийн хүнсний захаас 2 кг бууз авсан юм. Тэгээд өмнө өдөр нь жигнэж идчихээд, гурван бууз үлдсэнийгээ маргааш нь жигнээд идэх гэтэл шар зөгий шиг судлуудтай, аймар том аалз гараад ирсэн. Тэр өдөр нь Мэргэжлийн хяналт руу залгасан чинь "Та нар хүн гүтгээд байна" гэж хэлээд авч хэлэлцээгүй. Тэгээд Хойд зах дээр худалдаалдаг газарт нь нөгөө буузаа аяганд хийгээд, уут савтай нь аваад очсон. Бид баримтыг нь хангалттай үзүүлсэн. Тэндээс хаанаас нийлүүлдэг гэдгийг нь мэдээд үйлдвэр дээр нь очсон юм. Тэгэхэд гүтгэлээ гээд бас л авч хэлэлцээгүй. Бид хүнийг гүтгэж, мөнгө нэхэх цагаандаа гарсан хүмүүс биш. Бодит асуудлыг хэлээд, сэрэмжлүүлтэл гүтгэж, мөнгө нэхлээ гээд байгаа" гэв.
Харин "Мах сервис" ХХК-ийн тухайд уг мэдээллийг эрс үгүйсгэж, "Мөнгө нэхэж, биднийг гүтгэж байна. Тэдэнд баримт байхгүй" гэж буй. Тайлбарыг эндээс үзнэ үү.
Эмээлтийн махны үйлдвэрүүдийн асуудалтай зэрэгцэн бусад хүнс үйлдвэрлэгчдийн энэ мэт асуудал ил болсоор байна. Химийн бодистой, бодисгүй битгий хэл хугацаа нь дууссан хүнсийг ч "хээв нэг" зарах явдал гарсаар байгаа нь харамсалтай. Дөнгөж өнөөдөр гэхэд "аалзтай бууз"-наас эхлээд "Траст Трейд" ХХК-ийн хугацаа нь дууссан хиам, зайдас зарж, борлуулсан асуудал сөхөгдөөд байна.