Хан-Уул дүүрэг “Хоггүй Хан-Уул” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн үйлчилгээнд парк шинэчлэл хийв.
БНСУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн тоноглолтой, шатахуун зарцуулалт багатай, 3.5 тонны даацтай, хог шахах зориулалттай Hyundai /HD72/ маркийн зургаан авто машиныг хог тээврийн компаниудад хүлээлгэн өглөө.
Мөн энэ онд Hyundai /HD78/, /HD170/ зэрэг загварын 12, ирэх онд 15 хог тээврийн машинаар парк шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна. Парк шинэчлэлийг ийнхүү төлөвлөсний дагуу хийснээр хог тээврийн асуудал 100 хувь шийдэгдэх юм.
Дүүргийн хэмжээнд хог тээвэрлэх зориулалттай 42 автомашин байгаагаас 11 нь актлах шаардлагатай буюу ашиглалтын хугацаа дууссан, эвдрэл гэмтэлтэй учраас засвар үйлчилгээ их хийдгийн улмаас хог ачилтыг хугацаанд нь хийж чаддаггүй байна.
Үүнээс болж иргэд ихээр бухимддаг бөгөөд ийнхүү парк шинэчлэл хийснээр асуудлыг тодорхой хэмжээнд шийдвэрлэх боломжтой боллоо.